Дарга нарын хурган малгайг харахаар...
  Хавар болохоор, мал төллөх цагаар өндөр албан тушаалтнуудын, тэр дундаа цэрэг, цагдаагийн дарга нарын бужгар хөх үстэй малгай, савхин дээлийн захыг харахаар нэгэн жихүүн дурсамж оровч гаравч сэтгэл татаж түлхлэн бодогдоод болдоггүй юм.
"Дарга нарын хурган малгайг харахаар..." цааш унших »
Элбэг дүүрэн жил байг

...Хамаг олноороо цэнгэн нас, буянаа нэмсэн
Хаврын тэргүүн цагаан сар урган гарав аа.
Эзэндээ ээлтэй үхэр жил айвуу тайвуухан намайсаар ирлээ. Сайхан үгс, ерөөл билгээр зон олон ивлэж, тэнгэр хангай цэнхэрлэгтэн дуниартаад ирж яваа цагийн амьсгал цаанаа л эерүү зөөлөн. "хэлээ ороож идэмтгий, хээрийн бэлчээрт хэвтэмтгий" энэ лужир сайхан амьтан цогт билэгт монголчууд бидэнд хэдийнээсээ ээлээ өгсөөр ирсэн буянт сүргийн нэгэн бөлгөө.
Энэ жил та бид шар лугаа "тэргэнд орвол тэнхээтэй" байж, хэн хэний маань сэтгэл, зүтгэл, хөдөлмөр бүтээл бүхэн далай цагаан сүү шиг нь ариун агаад элбэг дүүрэн байг.

Сэрүүний хөвчид
/үргэлжлэл нь/ ...Цаг үд дөхөх үед Дэлүүн болдог явах болцгоов. Нэр нь хүртэл хүндлэл, дээдлэл төрүүлэх язгуурын энэ шүтээн гаднаас харахад ил. Гурван нуурт сүүл дүрэн гуухайж Балж гол руу цавчиж зогссон мөнгөн адуу мэт. Дэлүүн болдгийн оройд сэрүүхэн.
"Сэрүүний хөвчид" цааш унших »
Сэрүүний хөвчид
Өвөл сонсогдов, гүн шөнөөр Онон голыг гатлахад. Мөсөн хучлага нь машинаас шидэгдсэн гэрэлд гялтагнан цэвцийж, дугуйн дор, ард жин жин хангинаа л. Мөс болсон усны царгиа хөх дуун өвлийн дуун ажээ.
"Сэрүүний хөвчид" цааш унших »
Сэтгэлийн аяз
Тийм ээ, би түүндээ цаглашгүй их хайртай... Бид хоёрын хайр алс холын Фереганы буурал хөндий дунд олоон зуун жилийн тэртээд амьдарч асан хоньчин Коркуд өвгөний ганц охин Гүльжамал, Каракумын элчилгүй их цөлийн алдарт сайн эр Хархончир хоёрынх шиг...,
"Сэтгэлийн аяз" цааш унших »
Гандирс өндийх өвлийн говиос...

Шагнал, шагнал, бас дахин шагнал... үргэлжилсээр л...

Нэг хэсэг тус аймгийг засаглаж суусан С.Сумьяа үг хэлж, өмгөөлөгчдөд амжилт хүсч, "Үүрд хамт байгаач, ээж ээ..." хэмээн нургилуулж, эцэст нь зөвлөлийг орон байртай болоход тус дэм болохыг уриалсан үг тайзнаас чулуудсан нь байндаа тусав бололтой. Энэ үеэр улирагч намар аймгийн Засаг даргын албанд тохоон томилогдсон Б.Бадраа аймгийнхаа Өмгөөлөгчдийн зөвлөлийг байртай болгохоо амласан цахилгааныг ажлаар явж байгаа сумаасаа, хөдөөнөөс ирүүлсэн нь энэ оройн арга хэмжээний хамгийн оргил, хамгийн том бэлэг болов. Бадрааг за гэвэл ёогүй нэгэн гэж хүмүүс ихэд үнэлдгийм билээ. Тэр худлаа хэлээгүй, хэлсэн үгээ буцаан залгиж хударгагүй зан гаргахгүй гэдэгт гүнээ итгэнэм.

Байртай болох нь тодорхой болсон зөвлөлийнхөнд айлын дайтай айл болоход юм юм л хэрэгтэй болж таараа. Хувь хувьсгал, аж ахуй нэгж... гээд "хуруу нэмэх" хүмүүс гарч ирэв. Цогтцэцийн Засаг дарга Г.Цог-Өрнөх 500 мянган төгрөг, өөр бас хэн хэн... өргөл хандив ч цувраа л...Удахгүй тэд байртай болно. Өрх тусдаа айл болно. Тэр хэрээр үйл ажиллагаа нь өргөжин ажил, мэргэжлийн хувьд ч хараат бус ажиллана. Амжилт, гагцхүү их амжилт л хүсье. та нарт.

...Өвлийн эхэн сар дундаа. Өглөөгүүр Даланзадгадын төвөөс сугаран гарч ирвэл говийн урланд ороод явчих шиг л болов. Буурал газрын хуурай давалгаа зэрэглээ Хацрын хэцийг усан будгийн таталбар шиг элдэвлэж байх нь тэр. Нэг харахад... эрт цагийн гандирс, сүм суварга мэт, төдхөнөө хувирган их дайны хөлд дайруулж хэмхчүүлж энд тэндээ сэтэрч бутарсан хана хэрэм мэт, эс бөгөөс орчин цагийн өндөр өндөр барилга мэт болох нь гайхалтай. Уул атлаа дэлээ хийсгэсэн хонгор азарга, тэмцээ унасан хүн болж үзэгдэх нь үлгэрийн.

Говь тэнгэрийн цээл, холын зэрэглээн дундаа босон суун өндөлзөж, пансан алчуур шиг цэнхэр униараараа далласаар хоцорлоо...

Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

Гандирс өндийх өвлийн говиос...

...Цогт-Овоогийн урд хоолойг гаталж, Хацрын хэцийн араад өгсөж явтал тэнгэр юу юугүй үүлтэйгээ газардчихав уу гэмээр цав цагаанаар "харанхуйлан" шуурга нүдэж гардгийм даа. Нүдгүй. Цасаар ч харин нэг зүлгүүрдэж байна аа, таминь. Орчныг эзэмдэн исгэрэх догшин салхины сэрчигнээн өлөн чонос улих мэт. Машины нөмөрт хурган цамнан бужигнах цасан цонхонд наалдан төдхөнөө бамбарлаж, дөнгөж зөрөөд өнгөрөх машины мөр мэдэгдэх төдий бор цараа болж, зам үзэгдэхтэй үгүйтэй.

"Саяхан дахин дамжуулах станц зүүн гар талд харагдаад өнгөрсөн. Эргэж түүнийг бараадвал яасан юм бэ" гэж жолоочийн хажуу талын суудалд заларсан Л.Шинэн өмгөөлөгч түгшсэн дуу гаргав. Б.Энхзаяа өмгөөлөгч Алтай чигийн салхи, шуурганд алгадуулж өссөн хүн гэсэндээ тайван. "Замаа л алдаж болохгүй шүү" гэж байна.

Хаад нэг холын бараа үл ялиг тодрон шуурга намдах нь уу даа гэхнээ нь л дахиад харанхуйлна. Улам ч хүчтэй шуурна. Шуурганы сиймхийгээр нөмөртөө цас хунгарлуулсан бут бударгана эрвийж сэрвийх нь мэнгэний үс шиг.Өөр бөртийх ч зүйлгүй.

Машины моторын чимээ жигд нургилан урагшилсаар л... Багцаагаар хорь орчим километр газар арай л зогсчихолгүй гэлдэрсээр нэгэн өндрийг давав. Хацрын хэц юмсанж. Гэтэл нөгөө их цасан шуурга чинь гэнэт намдан алга болоод өгдөг байгаа.

Их театрын алтан манжилгат хөшиг нээгдэх мэт тэнгэр онгойж цэлмэгшин говийн Гурван сайхан уул дүнхийн харагдах нь тэр. Хэсэг давхиад зогсон буувал эргэн тойрон чимээ алсран өвсний толгой хөдөлгөх ч салхи савиргүй нам гүм. Ёстой л "таван хошуу" болон гэдэргээ харан унаад өгмөөр байх чинь. Энүүхэн хойд хярын ар шил дээр хурмастын цагаан азарга ороолон цамнаж, цасан дэл, сүүлээрээ газар шавхуурдан баллах шахаж байхад өвөрт нь "жаргалтайн дэлгэр" налайж байдаг, говь нутгийн минь ааш араншин, өнгө будаг гайхалтай сонин гэдэг нь.

Тэнгэр тэвхэдсэн гоё гурван уул холын зочдынхоо аяншсан сэтгэлийг цасаараа зүлгүүрдэн нэг сайн угааж өгөөд зөөлөн дулаанаар угтан авч байгаа нь ч энэсэн үү. Цасан хучлагатай Гурван сайхан уул униар хөшиггүй. Яг л энүүхэнд, болор шилний цаана байгаа мэт өнгө зүс тунгалаг. Салаа сархиа бүрийг нь тоолчихмоор ил. Чухам л "халуун хүйтэн хоёр орчилдож, хатуу нь зөөлөндөө дийлдэж бүрэлдсэн нутаг" сануу даа, миний говь.

...Монголд өмгөөлөл үүсч хөгжсөний наян жилийн ойг найман оны туршид хот хөдөөгүй л тэмдэглэсэн. Хамгийн төгсгөлд, сүүл мушгиж байгаа нь Өмнөговийн Өмгөөлөгчдийн зөвлөлийнхөн. Найман аравны түүхт ойн арга хэмжээний төгсгөлийн цэгийг энэ зөвлөлийнхөн хатгаж байгаа ч гэсэн дараагийн аравны үүх түүхийг тэд эхлүүлж буйгаараа онцлогтой.

Гадаа хүйтэн ч, цацаглал, чимэглэл болсон танхимд халуун дулаан. Зөвлөлийн ойн баярт аймгийн шүүхийнхэн, прокурорынхон, цагдаа... ер өмгөөлөгчидтэй ойр дотно ажилладаг болгоны төлөөлөл ирсэн харагдана. Мэдээж энд хошуу хоргой, бараа таваарын арилжаа наймаа явагдаагүй, тэр тухай яригдаагүй. Өмгөөлөл, өмгөөлөгчид, өмгөөлөх зөвлөлийн тухай яриа хөөрөө л ам амнаас урган ундран цай шиг даргиж, хууль сахиулагчид заримдаа нэгийгээ эелдгээр "чимхэж", "явуулж", алдарт "Задгай цагаан", "гурван Тамирын уянга"-ын аялгуунд вальс эргэж, морин хуурч жаалуудын "Жалам хар", "Үүлэн бор"-ын төвөргөөнийг сонсч... өвлийн нэгэн жавартай тунгалаг үдшийг хөглөж орхив...

/үргэлжлэл бий/

 

Р.ЧОЙНОМЫН ТӨРСӨН ХОНХОР

Аянгат үүлс хуйлран давалгаатаж
шуурга дэгдэхэд
Адуу байтугай хомоол ч тогтомгүй
туугдаад явчим
Нүцгэн талын дунд
Алганых шиг жаахан хонхорт
Цуут Чойном төржээ...

Нэгэн бие
Хоёр болж үржсэн
Нэгэн зүрх
Хоёр болж цохилсон
Элбэг энэ хонхорт...
Эмнэг авьяас
шилбүүр зайдлан дэргэж
Ээждээ шинэ шүлгээ уншин хөөрцөглөж байсан
Аяга шиг энэ хонхорт
Уруудаж ирээд тогтсон мал ажралгүй
Мэнд гардаг байна
Унаагаа шавхаж нэхсэн эзний
Магнай тэнийдэг байна

Дэрс нь
ус шиг долгилдог их талын дундаас
Цоройж ургасан сондгой ганц уул
Дархан ханы ард
Дээлэндээ бадарч амьдардаг их ардын дундаас
Цойлж тодорсон сондгой ганц найрагч
Уйлж унаад
Дуулж боссон гэрийн
Ханын мөртэй хонхорт
Азийн совин солонго шиг татаж
Аргал хомоол хөлд ороолдон хөглөрнө...

Өнөөдрийг маргааш түлхэлж
Өвлийн цаанаас хавар ирэхэд
Адуу чийрлэсэн энэ газрын цас
Түрүүлж ханзарна
Адуу чийрлэсэн энэ газрын лус
Түрүүлж баярлана
Адуу чийрлэсэн энэ газрын цаг
Түрүүлж сайжирна аа...

Дархан ханы шил дээр
2008.12.29-ний өглөө эртийн хөх жаварт чимхүүлэн байж тэрлэв.

Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

ЦАХИЛАН АЙСУЙ

Хүн төрөлхтөн он жилүүдийн цэнхэр магнаг дунд нэгэн буурь сэлгэлээ... Би ч бас... Шинэ мянганы наймдугаар он амьдралд минь өнгө өнгийн л солонго татуулаад өнгөрөв... Холын замд осолд орж,амьдрал үхлийн зааг дээр дэнжигнэж, хавар, зуны хэдэн сарыг эмнэлгийн хаяа, эмчийн гар бараадаж туулав.. Хоногийн хэцийг дотно хүмүүсийнхээ сэтгэлийн галд бүлээцэж давав. Миний зовлон миний л өмч  учраас бусдад нэг их дараа болохыг хүсэлгүй нам гүмхэн л яввлаа...

Харин "Бадрангуй" нэртэй яруу найргийн 2 дахь номоо уншигч авхай нарынхаа алган дээр дэлгэснээ бага бишид тооцном... Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол багш... гээд Монголын уянгын оргилуудын амнаас бурам мэт үг сонсон урам оров... Гэхдээ энэ бол миний хувьд зүгээр их наадмын өмнөх сунгаан дээрх явдал гэж би бодож буй... Миний өмнө одоо их наадам буй... тэнд хуран цуглаж миний "хүлгийн" хэрхэн давхихыг харахаар ирсэн улсын өмнө, цаг хугацаа хэмээх хүн бүхэнд үл "долигоногч"-ийн өмнө шандсаа шалгуулахаар гараанд гарахад найман он ташуур өглөө... Хичээнэ ээ, би...

Есөн он усандаа цахилан ирж буй цангасан хонгор адуу шиг довтлон айсуй... Энэ онд би сэтгүүл зүйн, баримтат утга уянгын таталбар нийтлэлийнхээ цувралуудыг хэвлүүлэх бодолтой... "Цасан дээр мөртэй, цаасан дээр нэртэй" утга төгөлдөр амьдарсан, амьдарч буй хүмүүсийн тухай энд өгүүлэх юм...

Жаахан явсхийнэ ээ...

 

УУЛЫН БҮСГҮЙД
Яг л царс шиг Гоолиг бие,
"УУЛЫН БҮСГҮЙД" цааш унших »
САЛХИН ЗАРДАС
Аянч хөх салхи аа Чамд үг дайя
"САЛХИН ЗАРДАС" цааш унших »
Салхитай өдөр

Ойн чөлөөнд

Чи минь учраагүй бол
Үүлэн гарч бүрхээгүй сэн бол Тэнгэр юундаа дуугараа билээ дээ
"Чи минь учраагүй бол" цааш унших »
Амьд домог
Спортын, хүндэтгэлийн индэрт, түүний тэргүүн гишгүүрт гагцхүү ганцхан л хүмүүн зогсох хувьтай бөлгөө.
"Амьд домог" цааш унших »
Бээжингийн тэнгэр дор
Биелсэн үлгэрийн “төмөр шувуу” нисч, буух буудал газар Буянт-Ухаа хүнээр чигжүү. Эрхэм зочдын “VIP” хаалга алгуурхан нээгдэж мэргэн бууч Доржсүрэнгийн Мөнхбаяр гарч ирэв. Багтаж ядсан их хөөр баяр нүүрэнд нь гэрэлтэж, Барселоны олимпийн хүрэл медаль энгэрт нь гялалзаад л. Хадагтай сүү, цэцгийн баглаа, тоссон олны тос даасан бал бурам, талархлын үгс... Гайхалтай. Яасан сайхан аз жаргалтай мөч, ямархан, ховорхон хувь тавилан гэгч нь энэ вэ... Бичлэг хөвөрсөөр л...
"Бээжингийн тэнгэр дор" цааш унших »
Чи бидэн...
Оонын эвэр шиг Зэрэгцэж ургасан хайраа
"Чи бидэн..." цааш унших »
Чамдаа би сайхан үг хэлэлгүй удаж...
Чамдаа би Сайхан үг хэлэлгүй удаж
"Чамдаа би сайхан үг хэлэлгүй удаж..." цааш унших »
Наадсан шиг....
Даваасай гэж дэмжиж байсан бөх чинь
"Наадсан шиг...." цааш унших »
Чи...
Чи Навч цэцэгнээс ч сайхан байж болно
"Чи..." цааш унших »
(Нийт: 33)